Өндөр хөгжилтэй гадны улс орнууд хотын стандартыг гаргаж, амьдрал ахуй, хүрээлэн буй орчиндоо ягштал хэрэгжүүлдэг. Энэ нь тухайн хотын тогтвортой хөгжил, иргэдийн амар тайван, аюулгүй амьдралын үндэс болдог. Харин Монгол улсын хувьд гадны жишигт нийцсэн стандартыг боловсруулан баталж, дагаж мөрдөх нь чухал юм. Ялангуяа иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах нь өнөөгийн нийгмийн гол асуудал болоод байна. Тиймдээ ч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн аваад хоёр агентлагийг нэмж, байгуулсных нь нэг нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар юм. Тус газар 2019 онд нийслэл хотын стандартын баримт бичгийн тогтолцоог бий болгох, түүнд шаардлагатай суурь судалгааг явуулж иргэдийн амьдрах орчин аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт гаргахаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж, стандарт мөрдөж ажиллаагүй 379 барилгын байршил, 301 хүүхдийн тоглоомын талбайн байршлыг тогтоосон байна. Түүнчлэн нийслэлд ногоон байгууламж ямар стандарттай байх талаар судалсан. Ийнхүү Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хийсэн ажлуудаас онцлон хүргэж байна.

2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор тус газраас “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөнийг анх удаа нийслэл хотод зохион байгуулсан. Хот төлөвлөлтөөс бүтээн байгуулалттай холбоотой гурван стандартыг нэвтрүүлж танилцуулан 14 бичиг баримтыг мөрдүүлж ажиллахаар болсон юм. Улаанбаатар хотод нэн тэргүүнд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц барилгын орчинд байгаа хашаа хашлагыг бүгдийг нь солихоор болсон. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын судалснаар нийслэлийн 441 байршилд хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Тиймээс барилгын орчны стандартыг гаргаж уг бичиг баримтыг мөрдүүлэх ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. Одоогоор 441 барилгын гадна орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж стандартын шаардлага хангаагүй 56 хашааг албадан буулгаж 252 хашааг шинэчлүүлж орц гарц хаасан, зөвшөөрөлгүй 72 гаражийг буулгаж орц гарцыг чөлөөлөөд байна.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай аюулгүй орчин бүрдүүлж чадаагүйгээс осол аваар гарах тохиолдол цөөнгүй байна. ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн статистик тоон судалгаагаар 2017 онд 619, 2018 онд 1175, 2019 онд 1449 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад бэртэж гэмтжээ.Тиймээс үүнд үнэлэлт дүгнэлт өгч, хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөн шинэчилэх шаардлага үүсчээ. Иймд нийслэлийн байршилд хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэх ажил хийгдэхээр энэ онд төлөвлөгөөнд тусгагдсан байна.

Мөн Төрийн болон орон нут¬гийн өмчит 1200 гаруй байгууллагын гад¬на хая¬гийн загварын 90 орчим хувь нь хууль, журам, стандартад нийцээгүй байна. Тухайлбал, Төрийн сүлд, соёмбыг буруу хэрэглэсэн, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг алдаа дутагдал цөөнгүй байгааг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас гаргажээ. Тиймээс хаягийн самбарын загвар, хэмжээг дээд газар, яам, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргийн засаг даргын тамгын газар, хэлтэс, харьяа байгууллага гэсэн гурван загвараар стандартчилж гаргасан байна. Энэ нь тухайн байгууллагын нүүр царайг харуулаад зогсохгүй Улаанбаатар хотын төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг харуулж байгаа юм. Угтаа бол Монгол улсад бүртгэлтэй 6300 стандарт байгаа ч түүнээс нутгийн захиргааны байгууллагууд ердөө 702 стандартыг хэрэглэж байгаа нь хот өөрийн гэсэн стандартын удирдамж гарын авлагатай болох цаг нь болсныг харуулж байна.

Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас 2020 онд 31 байршилд гэрэлтүүлэг, 5 байршилд такси зогсоол, 25 байршилд автобусны зогсоол болон хог хаягдлын савны стандарт шаардлага зэргийг хангуулахад хяналт тавьж ажиллах юм.Улаанбаатар хотод өмнө нь стандартын баримт бичиг гэж байгаагүй учир энэ онд нийслэлийн өнгө үзэмж, орчны аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатай 22 бүлгийн хотын стандартын техник зохицуулалтын баримт бичгийг боловсруулахаар ажиллаж байна.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу