Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх талаар хэлэлцжээ. Нэгдүгээрт махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно гэдгийг Ч.Улаан мэдээллээ.

ЭКСПОРТЫН МАХАНД КВОТ ТОГТООХООР БОЛЛОО

Мөн тухайн жилийн мал сүргийн өсөлт болон зах зээлийн хэрэгцээнээс шалтгаалан экспортод квот тогтоохоор болсон байна. ААН-үүд экспортод гаргаж буй махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байх шаардлагыг тавихаар болжээ.

Махны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Үүнээс гадна гурилын хангамжийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд 100 мянган тонн гурил үйлдвэрлэх нөөц байгаа аж. Үнийн хувьд тогтвортой байгаа бөгөөд дутагдал гарахгүй нь тооцоо судалгаагаар батлагдсан байна. Харин төмс хүнсний ногооны хангамж, үнэ тогтвортой зарим төрөлд буурсан үзүүлэлттэй байгаа талаар салбарын сайд мэдээллээ.

Сайд Ч.Улаан махны үнэ сүүлийн өдрүүдэд өдөр тутам 200-500 төгрөгөөр буурч байна. Арга хэмжээ авснаар цаашид ч үнэ буурна гэж үзэж байна гэлээ. Мөн цаашид ченжийн харилцааг халж, иргэд үйлдвэрлэгч шууд харилцах боломжийг бий болгохоор ажиллах юм байна.

Хэрэв дотоодын зах зээлд хүндрэл үүсвэл 3, 4, 5-дугаар сард махны экспортыг зогсоох ч талаар яригдаж байгаа аж. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр махны үнийг тэдэн хувиар бууруулна гэж хэлэх боломжгүй бөгөөд аль болох бууруулах, уян хатан байдлаар шийдэхээр хичээж байгаа гэв.

Эх сурвалж: gogo.mn

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу