Т.Ариунаа: “Ментор Хаб” таныг чиглүүлж чадвал миний зорилго биеллээ гэж бодно

0

-Шинэ улирлыг шинэ төслөөр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Таны хувьд яагаад “Ментор хаб” төсөлд нэгдэх болсон бэ?

-Үзэгч,сонсогчидтойгоо миний бие цоо шинэхэн төслийн нэг гишүүн болж, мэддэг чаддагаа хуваалцахаар Ментор болон уулзах гэж байгаадаа баяртай байна. Нэн түрүүнд, “Ментор Хаб” төслийн багаас  “орчин цагийн дууны урлаг буюу Монголын үндэсний рок, попын залгамж халааг бэлдэхэд өөрийнхөө мэдлэг туршлагаасаа хуваалцаач гэсэн” санал нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Нөгөөтэйгүүр, миний хувьд өөрийн эзэмшсэн академик боловсрол дээрээ амьдралынхаа туршлага, энэ олон жил өөрийн биеэр туулж мэдэрсэн уналт босолт, алдаа оноо, амжилт гээд бүхий зүйлээ тэнцвэртэйгээр шүүгээд, үүнийгээ залууст хүргэх боломжийг олгож байгаад нь талархаж, энэхүү шинэ төслийг дэмжиж оролцохоор шийдсэн.

-Та энэ төслөөр дамжуулан үзэгчдэд юуг хүргэхийг зорьсон бэ ?

-Урлагт хөл тавих гэж байгаа, өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлэхийг хүсэж, шинэ зүйлийг эрж хайж яваа хүн бүрд миний энэ хичээл үр дүнгээ өгөөсэй гэж бодож байна. Уран бүтээлч бүр давтагдашгүй онцлогтой. Өөрийнхөө тэр дахин давтагдашгүй мөн чанараа эхлээд нээж, дараагаар нь түүнийгээ төгөлдөржүүлэхэд багшийн тусламжийг, сайн Менторын зөвлөгөөг хэрэгтэй цагтаа зөв хүнээсээ авах нь хамгийн чухал. Би өөрийнхөө туршлага, мэдлэгээсээ, алдсан оносон бүхнээ дүгнэн  Ариунаа школыг бий болгож “Ментор Хаб” төслөөр дамжуулан хүргэхийг хичээлээ.

-Уран бүтээлчид өөрийн гарын шавиа төрүүллээ гэдэг. Харин Т.Ариунаагийн шавь гэж ер нь хүмүүс сонсоогүй байх.Өөрийн шавиа бэлдэхгүй явсан шалтгаан тань юу вэ ?

-Уран бүтээлч хүн амьдралынхаа явцад уран бүтээлээ хийх явцдаа, тоглолт бүрээсээ, бүтээл болгоноосоо суралцаж явдаг. Миний хувьд БИ дуучин, сайн уран бүтээлч болчихлоо гэж ер өөртөө ханаж үзээгүй.Үргэлж, дараагийн удаа яаж сайжруулах уу? Энэ удаад юун дээр алдав гэж бодож ирэх цаг хугацаанд илүү сайн бэлдэхийг хичээдэг. Унаж, Алдаж үзээгүй хүн, зовж үзээгүй хүн амжилт, жаргалыг мэдэрч чаддаггүй шүү дээ. Тийм учраас миний хөдөлмөрлөсөн цаг мөч бүр, миний туулсан баяртай гунигтай бүх мөчүүд,үзэгчдийн маань алга ташилт бүр намайг өдий хүртэл бүтээж ирсэн гэж боддог. Хүн залуу үедээ өөрөө хангалттай туршлага хуримтлуулаагүй байж, өөрөө ялалт, ялагдлыг мэдрээгүй байж бусдад тэр бүрийг заах утгагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрийн мэдлэгийг эрдэм чадал болгож чадаагүй хүн сайн багш болж чадахгүй. Яагаад би шавь төрүүлэхгүй яваад байсан шалтгаан нь ердөө л энэ.

Уран бүтээлч бүр өөр өөрийн онцлог билэг авьяастай учир тэр бүрд нь таарсан сургалтыг яаж өгч, яаж өөрийг нь хөгжүүлэх үү гэдгээ өөрөө биеэрээ үзэж, мэдрэхийг хичээсэн. Хүн бүрийн  ахин давтагдашгүй гялалзах талыг нь олж хараад түүнийг нь өнгөлж өгөхгүй бол миний арга барил энэ гээд бүх хүүхдүүдийг адилхан техникээр сургах гэж хүчлэх нь буруу. Энэ бол том хариуцлага. Ийм учраас би өдийг болтол бусдад өөрийн ур чадвараа заах, таниулахад өөрийгөө бэлдэж ирсэн. Харин Ментор Хаб төсөл миний энэ бүхнийг анх удаа олон нийтэд дэлгэж харуулах боломж олгосон. Харин үүнээс цааш би өөрийн сургалтаа өшөө олон хүнд хүргэх ажлуудын маань эхлэл боллоо гэж үзэж байгаа.

-Таны дуунууд он удаан жил эгшиглэж, олон хүний зүрх сэтгэлд дурсамж сэдрээн оршсоор байдаг. Хит уран бүтээлийг төрүүлэхэд онцгой нууц жор гэж байдаг болов уу?

-Уран бүтээлч, дуучин хүний дуу бүр нэг жороор гардаггүй. Тийм учраас дуу бүр өөр өөрийн түүхтэй, ижилгүй бүтээгддэг. Сайн дуу, хит дуу гэдэг бол баруун тархи, зүүн тархины хослолоос бүтдэг гэж боддог. Чихнээс чихэнд биш, зүрхнээс зүрхэнд зориулж дуулбал энэ урт настай болдог. Тархиараа бодож бясалгаад зүрх лүүгээ буулгаж дуулж чин сэтгэлээсээ дуулах хэрэгтэй. Энэ нь цаг хугацааны эрхээр ухаарч, үг бүрийг ухаж буюу ухамсарлаж дуулж чадвал энэ дуу хүнд мартагддаггүй.

-Та бол Монголын Рок Попын урлагт тасралтгүй 40 жил уран бүтээлээ туурвиж, тэр дунд супер ОД нь байсаар ирсэн. Харин ирээдүйн орчин цагийн Монголын хөгжмийн урлагийг хэрхэн харж байна? 

-Бидний үеийн уран бүтээлчдийн онцлог бол  хоёр өөр нийгмийг биеэрээ үзэж, тэр бүх шилжилт, өөрчлөлтийг зоригтойгоор тэсэж даван өөрсдийнхөөрөө орчин цагийн Рок Попын хөгжлийг бичиж ирсэн.Харин өнөөдөр дараагийн үеийн  залуустаа хүлээлгэж өгөх үүрэг ирээд байна. Бидний энэ цагт шинэ мянганы залуус буюу тэс ондоо үнэт зүйл, амьдралын өөр хэв маяг, арга барил бүхий 90д оны миллениал үе, Z үеийнхэн гэх мэт 2000 оноос хойших залуус урлагт ороод ирлээ.Энэ үед бидний үеийнхний болон эдгээр шинэ мянганы залуусын дунд зааг үүсээд байгаа мэт байдаг.

Гэтэл өнгөрсөн ирээдүй одоо цаг хамт оршдог. Тасралтгүй бие биенээсээ суралцаж байж бидний хил зааг арилна гэж боддог. Ингэж байж орчин цагийн Монголын урлаг илүү хол хөгжинө гэж хардаг.

-Залгамж халаагаа бэлдэх энэ үүргээ “Ментор Хаб” төслөөр дамжуулан бас хүргэжээ гэж ойлгож болох уу?

Тийм ээ, энэ төсөлд нэгдсэн бас нэг зорилго маань шинэ үеийн залууст илүү ойртох санаа байсан. Бид бүгдээрээ соёлын өв тээгчид гэдгээ үргэлж санаж, цаашид өвлүүлэн үлдээх таслуулахгүй байх үүргээ байнга биелүүлэх хэрэгтэй. Бид өөрсдийн гэсэн үндэсний рок поп урлагтай, өөрсдийн гэсэн хэл соёлтой гэдгээ ухамсарлаж чадвал дэлхийд ялгарч чадна. Энэ утгаараа “Ментор Хаб” төслийн багийнхны хүсэлтэй нэг шугамд таарсан гэж хэлж болно.

-Тус төслийн үр дүнг та хэрхэн харж байна? Ирээдүйд өгөх үр өгөөж нь юундаа оршиж байгаа бол?

-Үр дүнг бол гайхалтай гэж бодож байгаа.Учир нь бүгд хоорондоо дахин давтагдашгүй бодгалиуд, бүтээгч нар оролцож байгаа.Би-гээс олон Бид үүдийг бүрдүүлж чадсан, өөрсдийн гараараа баялаг, үнэт зүйлсээ бүтээж яваа олон мундаг Менторууд оролцож байна. Энэ төсөлд орсон хүн бүрийн туулсан амьдрал, алдаа оноо, хүрсэн амжилт өөр өөр учраас хоорондоо ахин давтагдашгүй гайхалтай түүхийг хүмүүст хүргэх байх. Энэ нь маш олон зүйл дээр шийдлийг гаргаж ирэх болов уу гэж харж байгаа.

Түүнээс гадна энэ төсөл миний оролцсон 45 минутын нэвтрүүлгээр нэг удаа гараад зогсохгүй дуучин Т.Ариунаагийн менторлосон хувь хүний хөгжлийн ном, болон дуулаач ийн ур чадварын хичээл бүхий цуврал контентууд IPTV-д байршина. Энэ нь урт хугацаандаа үр өгөөжөө олон хүнд өгөх үндэсний хэмжээний томоохон төсөл гэж бодож байгаа.

Хүн бүр заавал шүүгч, сайд дарга, санхүүч болох албагүй.Гагцхүү юунд зүрх сэтгэл чинь татагдаж байна? Тэр зүгт чинь “Ментор Хаб” чиглүүлж өгч чадвал энэ төсөлд оролцож байгаа миний зорилго биеллээ гэж бодно оо. 
 

 Ярилцсан Л.ДОЛГОРМАА