МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх ашиг хэзээ ч хэнтэй ч нийлж байгаагүй гэдгийг нэгэн цагийн хамтрагчид хэлдэг. Тэр бүхнийг өөрийнхөөрөө шийдвэрлэж, болж өгвөл дарангуйлахын төлөө ажиллаж амьдардаг хүн хэмээдэг. Тиймдээ ч түүнийг эрх мэдлийн талбараас 10 гаруй жил хол байлгаж чадлаа. Өөрсдөө олон шатны сонгуульд ялагдал хүлээн хол байлгасан гэхээр амаргүй хүн байж таарна. Тодотговол МАН 2012 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус ялагдал хүлээхэд Н.Энхбаяр онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ мэт хорлох ажиллагаа жижиг талбарт олон өрнөсөн дөө.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч өөрийнхөөрөө шийдвэр гаргах туйлын сонирхолтой популист нөхөр төдийгүй намынхаа даргын характертай хүн. Одоохондоо “Эх орон, ард түмэн” гэсэн популизмаа хийж, үнэн төрхөө ард түмэн харуулж амжаагүй байгаа хэрэг. Ийм хоёр нөхрийн улс төрийн зам хэзээ ч нийлэхгүй гэдгийг бөөрөө нийлүүлж байхад нь бичиж байлаа. Харин санасныг бодоход чамгүй урт хугацаанд МАХН хэмээх дөрвөн үсэгний цаана улстөржиж наана нь “Эх орон” гэж худлаа заллаа.

Хоёрын хоёр байр сууринаас харахад эрхэм нөхдийн зам энэ хүрээд өндөрлөж байна. Нэг сонгуулийн настай үерхлээс үүдэж юу үүсэх вэ гэдэг нь ч тодорхой болж байх шиг. Эх сурвалжийн хэлж байгаагаар С.Ганбаатарт Н.Энхбаяраас ч том эрх ашиг байсан гэдгийг баттай эх сурвалж хэллээ. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дээрээс өрсөлдөх байсан бол намынх нь дарга угшил нэгт МАН-даа нэгдэж, өөрийнхөө албан тушаалын хэргийг цагаатгуулах, цаашилвал үлдсэн жаахан улс төрийн амьдралдаа ямар нэгэн эрх мэдэлд хүрэх, эсвэл хүүгийнхээ улс төрийн замыг засах байв. Харин Н.Энхбаяр нэгэн цагт аминд нь орж байсан С.Ганбаатарын энэ байр суурийг өөрөөр мушгин тайлбарлаж байна. Тодотговол, “С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нутгийнхаа ах Х.Баттулгыг дэмжинэ гэж байгаад манай намаас нэр дэвшин өрсөлдсөн. Нутгийн хүмүүсийн дунд ямар яриа болсныг мэдэхгүй” гэж байв. МАХН-ын даргаас энэ зэргийн үнэргүй зан хэзээ ч гарна. Ийм том хоёр эрх ашиг мөргөлдөхөөр цаашид оршин тогтнох ямар ч арга байхгүй. 

Тийм ч учраас  С.Ганбаатар даваа гаригт “Би хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно” хэмээн мэдээлсэн нь МАХН гэх айлаас явж байгаа хэрэг гэж ойлгогдож байна. Мөн үеэр тэр МАН-ын Сү.Батболдод хага базуулчихсан, үгнээс нь гардаггүй нам мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаасай. Парламентад байгаа дөрвөн нам дөрвүүлээ Сү.Батболдын гарт орж байна. Би өнөөдөр намтай, намгүй ажиллаж чадна. Хоёр нам нэгдсэн тохиолдолд 2024 он хүртлээ сонгогчдоо төлөөлж ажиллана гэх утга бүхий зүйл хэлж, Сү.Батболдтой холбоотой хэргийн материалыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлнэ лээ. Үнэн хэрэгтээ Сү.Батболдын гэм бурууг илрүүлж, түүнд гомдоод байгаа хэрэг биш юм. Хэргийн гол учир шалтгаан нь Н.Энхбаярт гомдсон гомдол, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэсэн туйлын хүсэл нь ийм зүйлд хүргэх аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл нэгэнт Н.Энхбаярт хулхидуулж байгаа С.Ганбаатар айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж оролцоно гэжээ. Энэ бол МАН-ынханд бас л аюултай мэдээ.   

МАН-ын хувьд МАХН-тай нэгдэхээс өөр ямар ч арга байхгүй. 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн суудлаа алдаж ирсэн МАН МАХН-ыг өөртөө нэгтгэхгүйгээр ялалтын тухай ярихын ч хэрэггүй гэдгээ нэгэнт мэдсэн учраас Н.Энхбаярын аманд гүйгээд орчихлоо. Гэтэл С.Ганбаатар нь МАХН-ыг орхиж байгаагаа мэдэгдэж байгаа энэ намын нэр дээрээс санал авсан гээд санал бий. Үүгээр зогсохгүй хулхидуулж хаширсан Н.Энхбаяр нэгдэх гэж байгаа бол бид үтэр түргэн Засгийн газарт орж ажиллана хэмээж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн наана Н.Энхбаярт найр тавьж, Засгийн газартаа оруулна гэдэг У.Хүрэлсүхэд эрсдэлтэй байгаа нь ойлгомжтой.

С.Баяр

Түмэн.мн