АН-аас нэгдүгээрт 2012-2016 оны эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулах, хоёрдугаарт АН-ын улс төрийн зөвлөлөөс бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар болсон, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал гаргасан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүйтэй холбоотой мэдэгдэл гаргаж буйгаа мэдээлнэ.

АН-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүд Д.Пүрэвдоржийн УИХ-ын даргад хүргүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх мэдэгдлийг хүргүүлж байгаа аж.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдөр биш цагаар нэмэгдэж байгаа нь энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа УИХ, Засгийн газрын буруу гэдгийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллээ. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж сүрьеэ, БЗДХ их байгаа тул арга хэмжээ авч чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайд, холбогдох албан тушаалтнуудыг огцруулж, ажил хийдэг хүнийг томилох ёстой гэлээ.

Мөн Хууль зүйн сайдын хүүгийн Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гэх хэрэг шийдэгдээгүй байхад Австралид суух элчин сайдаар томилж байгаа нь хууль иргэн бүрт тэгш үйлчлэхгүй байгаарийн илрэл болж байна гэдгийг тэрбээр тодотголоо.

С.Эрдэнэ “75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс гээд хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна. Юун Үндсэн хууль өөрчлөх, үйл ажиллагаа явуулах ёс зүйгүй, учир тарах ёстой. Авлига хээл хахууль, сүржин мэдээлэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд жагсаал хийнэ. Бүтэн сарын улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрх, эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь АН. Тиймээс өнөөдрөөс улс төрд өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийг эхлүүллээ. Тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана. Нийгэмд, бүхий л салбарт эмх замбараагүй байдал үүсчихсэн юм биш үү. Үүнийг эмхэлж цэгцэлж байгаа төр, засаг хаана байна. Бид айгаад байх зүйл алга” гэдгийг нэмж хэлсэн юм.

Тавдугаар сарын 30-ны өдөр хийх жагсаалаар Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: gogo.mn

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу