УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.

-Та ямар ажил алба хашиж байна даа. Улс төрийн ажилд идэвхтэй оролцож байна уу?

-Одоогоор гэртээ хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ байж байна. Ямар нэгэн улс төрийн идэвхтэй зүйл хийхгүй байгаа.

-Та улс төрч хүн. Одоо МАН эрх барьж байгаа АН цөөнх болсон. Ер нь Төр, засаг ард түмний хүсэн хүлээсэн хууль тогтоомж хэрэгжүүлж чадаж байна уу. Та одоогийн улс төрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Өнөөдрийн улс төрчид маш их попрох болсон. Тийм ажил хийх гэж байна. Ийм юм хийлээ. Тэрнийг ингэлээ, тэглээ гэсэн л юм ярихаас яг бодит байдал дээр хийж бүтээсэн зүйл ховор байна. Яг үнэндээ ард түмний халаасанд орж байгаа мөнгө, төгрөг нь нэмэгдээгүй, амжиргааны түвшин дээшлээгүй. Хөгжлийн гол үзүүлэлтийн нэг болох ажлын байр нэмэгдээгүй. Попорч яриад байгаа шударга ёс нь тогтоогүй. Наагуураа л гоё юм хийгээд байна гэж яриад байгаа боловч бодит байдал дээр хийх ёстой ажлаа хийхгүйгээр худлаа попордоод өнөөг хүрлээ.

Хууль тогтоомжийг өөрчилж, хэдэн хүнийг барьж хориод бүх зүйл сайхан болно гэж хаана ч байхгүй. Шударга ёсыг тогтооно гэж яриад байгаа, гэвч эцсийн дүндээ юуг шударга ёс гэх вэ гэдгээ энэ хүмүүс ойлгохгүй, харахгүй байна. Шударга ёсыг яаж тогтоох вэ гэхээр нийгмийн баялгийг шударгаар, тэгш боломжийн аргаар хуваарилж байж шударга ёс тогтдог. Одоогийн тогтолцоогоор хэдэн хүн попордож, хэдэн хүнийг барьж хорьж, юмыг нь хурааж авснаар шударга ёс тогтоно гэж бодож байвал түүн шиг худлаа зүйл байхгүй. Шударга ёсыг углуургаар нь тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгийг яаж шударгаар хуваарилах вэ. Түүнийг яаж хийх вэ гэдэг нь хамгийн чухал.

Одоо нийгмийн баялгийг шударга бусаар хуваарилж байгаа. Баян хүмүүс нь улам баян болж, томчууд нь улам томорч, том компаниуд нь жижиг компаниудаа залгиж байна. Жижиг компаниудад ямар ч орон зай гардаггүй. Энэ маягаар бүх тогтолцоо гажуудсан учраас шударга ёсыг тогтооно гэж байхгүй.

Өнөөдөр Ч.Сайханбилэгийг барьж хориод, С.Баярцогтын оффшор мөнгийг авч ирээд, “Салхитын мөнгөний орд”-ыг барьцаанд тавьж байгаа нь түр зуурын тариа. Үндсээр нь өөрчилж байж шударга ёсыг тогтоохоос биш, зүгээр ярьж хийдэг зүйл биш.

Авлига хээл хахууль, идэж уух нь багасах юм бол тодорхой хэмжээний нөлөөлөл нийгэмд гарах байх. Гэхдээ тэр нь таван хувь л байна. Бусад 95 хувиа шийдээгүй нөхцөлд хэзээ ч шударга ёс тогтохгүй.

-Манай улсад авлига, албан тушаалын асуудлууд их гарах боллоо?

-Албан тушаал, авлигыг нам болон МАНАН-гаар идэж ууж байсан. Одоо бол арга нь нарийсч, нууц байдалд орно. Монголын нийгэмд хүнд суртал хээл хахууль авлига маш их байгаа. Эрх баригчид дураараа загнаж системээрээ идэж байсан. Бие биенээ хамгаалж байсан нөхдүүд гэнэдэж баригдсан.

Дараа дараачийнх нь улам цаашаа нууц байдал руу шилжих байх. ЖДҮС-гаас зээл авсан гэгдсэн УИХ-ын гишүүн, сайд дарга нар л холбоотой гэж байгаа боловч үнэндээ бүгд холбоотой. Бүгдээр л ЖДҮС-гаас зээл авсан байгаа. Хэсэг хүн баригдаж ил болсон. Найз нөхдийнхөө компанийн нэр дээр зээл авчихсан хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. ЖДҮС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон бусад сангийн мөнгө одоо эрх барьж байгаа намын хамаатан садан, найз нөхдийн гараар орсон. Жижиг компани ЖДҮС дээр очоод зээл авч чадахгүй. Зөвхөн өөрсдийнхөө хүмүүст өгдөг, башир тогтолцоо болжээ.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ АНХНААСАА МОРДОХЫН ХАЗГАЙ. ЭНЭ ГЭРЭЭГ Ч.САЙХАНБИЛЭГ УЛАМ БУРУУ ЗАЛСАН

-Оюутолгойн гэрээ ард иргэдийн шүүмжлэлд байнга өртдөг. Оюутолгойн гэрээн дээр таны байр суурь?

-Оюутолгойн гэрээ анхнаасаа мордохын хазгайгаар явж буруу хийгдсэн гэрээ. Энэ гэрээг Ч.Сайханбилэг улам буруу залчихсан. Нэгэнт хийчихсэн гэрээ үнэхээр хэцүү. Буруу хийсэн гэрээний балгаар том компаниудыг Монгол Улсад оруулж ирж, төрийн дээр сандайлан суулгачихаж болохгүй. Оюутолгойн гэрээг анхнаасаа хийхгүй, гадны компанийг оруулж ирэхгүй байх байсан. Том компани Монголд орж ирээд бүгдийг худалдаж авч байна.

-Оюутолгойн гэрээний асуудлаар АТГ-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шалгаж байгаа. Мөн зарим хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бас шалгаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн байгууллага дуудсан цагт нь зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очно гэж байсан. Гэвч бодит байдал дээрээ бүгд гадаадад байна. Энэ нийгэмд шударга зүйл гэж байна уу?

-Шударга ёсыг тогтоож байгаа нь хаана байна. Эдгээр хүмүүсийг яагаад гадагшаа явуулчихсан юм бэ. Энэ хүмүүсийг гадагшаа явуулсан шүүгч, мөрдөн байцаагч, прокурор нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Ямар шүүгчийн захирамжаар Ч.Сайханбилэг гадагшаа явсан бэ. Хэн гэдэг шүүгчийн захирамжаар Ц.Элбэгдорж гадагшаа явсан бэ гэдгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Гадагшаа явуулахгүй байлгах боломж байсан. Эд нарыг явуулж болохгүй. Үнэхээр шударга ёсыг тогтоож, хариуцлага тооцох ёстой гэж байгаа бол эдгээр нөхдүүдийг Монголоос гаргахгүйгээр арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо бүгдийг нь хөөж авчраад хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл ийм арга хэмжээ авч чадахгүй байгаа нь цаанаа маш том хуйвалдаан, зохион байгуулалттай тархи угаалт явагдаж байна гэж ойлгож байгаа.

Мөн хөөн хэлэлцэх хугацааг зохиосон намд бас хариуцлага тооцох ёстой. МАН-ын үед хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацаа аль эсвэл хугацааг өөрчилж, өршөөл үзүүлэх, гэмт хэргийг нь өршөөж байгаа нь томчуудын хийсэн булхай, луйврыг хааж, дарж байгаа хэлбэр. Өөрсддөө тохирсон хууль гаргаж, байгаа нь хэрээс хэтэрч байна. Монголын ард түмэн арай л хүлцэнгүй байж, мөнгөний болон оюуны хоосролд орчихсон болохоор төрд байгаа нөхдүүд дураараа загнаж байгаа. Монголд хууль хэрэгжихгүй дураараа тоглож, дуртайгаа явуулж, дуртайгаа барьж байна. Үүний цаана байгаа нууц хуйвалдааныг ард түмэн харахгүй байгаа бололтой.

-2020 оны сонгууль удахгүй болно. Өнөөдөр эрх барьж байгаа нам ямар дүн авах бол. Та улс төрч хүний хувьд нэг прогноз хэлэхгүй юу?

-Манай улсын ард иргэдийн амьдрал муу байгаа бол хоёр нам хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Олон жил сайжруулна гэж ярилаа. Сайхан амьдруулж, ядуурлаас гаргаж, шударга ёсыг тогтооно гэж ярьсан. Бодит байдал дээр өөрчлөлт гарсангүй. Дөрвөн жил болоод сонгуулиар дүнгээ тавиулдаг байх ёстой. Одоо ард түмэн дүнгээ тавих байлгүй дээ. Монголчуудын хувьд амьдрал улам бүр дордсон. Өргөн хэрэглээний барааны үнэ улам нэмэгдэж, зах зээл нь жирийн иргэдэд хумигдаж, ашиг орлого нь шударга бусаар хуваарилагдаж байна. Мөн бүх бизнесийн салбарт томчууд нь гараад ирчихсэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгохгүй байгаа.

НЭР ДЭВШИХЭЭР БОЛ УЛААНБААТАР ХОТ ЮМ УУ

ХӨВСГӨЛӨӨС ДЭВШИНЭ

-Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, томсгосон тойргоор явуулахаар болсон. Та сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хэрхэн дүгнэж байна?

-Жижиг тойргоос томсгосон тойрог болсон нь илүү дээр. Ядаж санал худалдаж авахад их мөнгө зарцуулна. Иймээс нэр дэвшиж байгаа хүн болгон сонгогчдыг худалдан авч чадахгүй. Цөөхөн хэдэн олигархууд санал худалдаж авах байх. Ялангуяа МАН мөнгө хаяж санал худалдаж авах юмаа хийх байх. Гэхдээ иргэдэдзөв сонголт хийх боломж үргэлж байдаг.

-Та 2020 онд нэр дэвших үү. Дэвшихээр бол хаанаас нэр дэвших бэ?

-Би ер нь бодож л байна. Нэр дэвшиж, сонгууль хийж сураагүй биш. Нэр дэвшсэн ч яахав. Бодож л байна. Хэрэв нэр дэвшихээр бол Улаанбаатар хот юм уу, Хөвсгөл аймгаасаа нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа.

-Таны хувьд ард түмнийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд ямар сонголт хийгээсэйгэж бодож байна ?

-Мөнгө өгсөн хүнд битгий саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Таныг мөнгөөр худалдаж авна гэж байвал мөнгийг нь аваад саналаа өөр хүнд өгөөрэй. Улс орныхоо төлөө ажиллаж чадах, чин сэтгэлтэй хүнд л санал өгөх хэрэгтэй. Манай иргэд гэнэдэж ханахгүй юм даа. Бас ядуу болохоор мөнгөнд хууртагдаад байна даа. Эцэст нь хэлэхэд иргэдэд зөв сонголт хийх өргөн боломж бий гэдгийг дахин хэлье дээ.

Танд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу