Мэргэжлийн хяналт гэхээр л оймсноосоо боодол ам.доллар гаргаж ирж буй авлигачин нөхрийн дүр төрх сэтгэлд буудаг болоод уджээ.  МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа тэргүүтэй бүлэг этгээдийн хэргийг шийдвэрлээд удаагүй байна. Тэдний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, жаргаах дөхсөн. Гэвч нийгмийн эсэргүүцэлтэй тулж, шүүхээс шударгаар шийдвэрлэсэн юм. Гэхдээ мэргэжлийн хяналтынхантай холбоотой авлига, хээл хахуулын хэрэг дуусчихаагүй.  НМХГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од  бас л авлига авсан хэрэгт холбогдсон. Хууль, хяналтынхан гардсан гэж ойлгоод байгаа.

Тэрбээр малын түүхий эд импортлох тусгай зөвшөөрөлтэй “Зэмүүн” ХХК-ийн захирал Ц.Жаргалсайханаас хэлтсийнхээ ахлах байцаагч Ж.Ариунаагаар дамжуулж 800 мянган төгрөгийн хахууль авсан нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Тиймээс Эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр Н.Гэрэлт-Одод холбогдох хэргийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг хийх тов гарсан гэдэг мэдээлэл цахим ертөнцид байна. Түүнээс хойш шүүх хуралтай холбоотой мэдээлэл хайгаад олдсонгүй. Мань эр одоо ч ажлаа хийсээр л байгаа.  2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс МХЕГ-ын дарга Т.Гантулгад албан бичиг явуулж, мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн байсан.  Н.Гэрэлт-Одтой холбоотой юм шиг байгаа юм. 

800 мянган төгрөгийн авлига гэхээр “жараахай барих” гэдэг ангилал руу оруулаад, томчуудтай тэмцсэнгүй гэх хандлага нийгэмд байдаг. Авлигад жижиг, том гэсэн ойлголт байхгүй. Эрх мэдлээ ашиглаж, хясан боогдуулах замаар иргэд, аж ахуйн нэгжийг хохироож л байгаа бол тэр гэмт хэрэг. Гэтэл ийм гэмт хэрэг үйлдсэн авлигачин нөхөр одоо болтол ажлаа хийгээд л явж байна. МХЕГ-ын дарга Т.Гантулга яагаад энэ мэт авлигачидтай эвлэрээд, өдий болтол мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллуулаад байгааг ойлгохгүй байна. Зөвхөн Н.Гэрэлт-Од ч биш ял шийтгэл хүлээсэн 2, 3 хүн мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Яахаараа авлига авсан, ял шийтгэл хүлээсэн хүмүүсийг мэргэжлийн хяналтын салбарт ажиллуулах ёстой гэж.  Ямар эрх ашиг байна.

Н.Гэрэлт-Од гэдэг нөхөр өөрийгөө МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн “тавиул” хэмээн томордог, тиймдээ ч ажлаа өгдөггүй гэх “бор шувуу” нисэж л явна. Авлигын асуудалд орооцолдоод байхад одоо болтол шүүх хурал нь ч болсон юмгүй, ажлаа тааваараа хийж явааг бодвол тэр “бор шувуу” бодит ч байж магадгүй юм. Дарга нар л болсон хойно “Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд тооцож болохгүй” гэдэг үгийг хэлж, ажлаас халахгүй байгаа шалтгаанаа тийш нь нялзаах байх. Ёс зүй гэж байдаг бол нэг нам, нэг даргын хам гэж харж үзэхгүй хариуцлага тооцох л ёстой.  Та нар Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан болохоос МАН-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биш шүү. Монгол Улсын хүн ард, аж ахуйн нэгжид үнэн шударгаар үйлчил. Тэгж чадахгүй авлига аваад, хясан боогдуулах замаар иргэдийнхээ халаасыг хоослоод байж болохгүй.  Хэрвээ хоосолж байвал, тийм хэрэгт холбогдсон бол ажиллуулаад, даргын суудалд суулгаад байх хэрэггүй, хурдхан хөөж явуул. Тэрбумаар авлига авсан дарга нарын чинь хэрэг “хөрөөгүй” байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн гэдэг нөхөр байна. Цагтаа  “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх шүүх хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт шүүгдэж явсан цэвэр биш л хүн.  Тийм байтал яагаад дэд даргын суудалд суучихаад тухлаад яваад байгааг ойлгохгүй байна. Нэгэнт өнгөрсөн асуудлыг одоотой авчирч наалаа гэж цухалдаж магадгүй. Хэрэг хуучирдагггүй юм, ёс зүйг хэзээ ч нэхэж болно.  МХЕГ-ын дарга Т.Гантулгад захиж хэлэхэд, нэр цэвэр биш, авлига авч байгаад баригдсан, авсан гэдэг нь тогтоогдсон. Ял шийтгэл авсан хүмүүсээ энэ салбараас зайлуулаач ээ.  Шударга ёсыг тогтоож, хариуцлага тооц. Дунд шатанд байгаа алдаа завхралтай тэмц. Авлигын хэргээр шалгуулж, мөнгө авсан тогтоогдсон хүнийг шүүх тогтоогоогүй гэдэг үндэслэлээр байлгаад байвал бусад авлигачид чинь барьцана биз дээ.  Нэг удаа авлига авсан хүн дахиад авахгүй гэх баталгаа байна уу. Эхний удаадаа 800 мянгыг цохилоо, дараа нь 8 сая, тэгээд 80 саяыг авбал яах юм. 

Нэг нам гэж хаацайлаад байна уу, нэг эрх ашигтай болохоор гүлдийгээд байгаа юм уу. Энэ мэт авлигатай нэр холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө ажлаа өгөөд, хариуцлагаа үүрээд яв. Тэдэнд хариуцлага тооцож чадах, энэ салбарыг авлигаас ангид байлгах шударга, эх орноо, ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс байж л байгаа. Авлигачидтай эвлэрч суудаг дарга аль ч салбарт хэрэггүй. 

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу