Ковид-19 цар тахлын улмаас улс, орнууд хилээ хаасан. Манай улсын хувьд бүхий л ачаа тээвэр урд хөршөөр дамжин ирж байгаа нь бүр ч их гамшиг тарьж байна. Тодруулбал, Эрээн, Замын-Үүд боомтод бөөгнөрсөн ачаа тээвэрлэлтээс болж бараа, бүтээгдэхүүний ханш өссөн. Гэтэл Засгийн газар тээвэрлэлтийг түргэтгэнэ гэж ярьж байгаагаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг хэрхэх вэ гэдгийг хэнбугай ч дурдахгүй, сөхөхгүй байна. Уг нь үүний хариуцлагыг хүлээх эзэн нь тодорхой бий.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН-ий 20 дугаар зүйлд

Засгийн газрын бүрэлдэхүүн 11/ Зам, тээврийн хөгжлийн сайд:

-авто замын асуудал;

-авто тээврийн асуудал;

-төмөр замын тээврийн асуудал;

-иргэний нисэхийн асуудал;

-далай ашиглах болон усан замын тээврийн асуудал;

-тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;

-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэхчлэн тодорхой заасан.

Энэ нь одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын юу хийх ёстойг маш товч бөгөөд тодорхой зааж өгсөн гэсэн үг

Гэтэл тэрбээр авто замын асуудлыг нэгэнт хийж чадахгүй гэдэг нь тодорхой болсон бөгөөд Дарханы зам гээчийг дэд сайд байхдаа яасныг харахад л хангалттай

Авто тээврийн асуудалд Замын-Үүдийн авто тээвэр хэрхэн үнсэн товрог болж, Монгол Улсын хөгжлийн гацаа тээг, ард түмний амьжиргааны үнэ хөлс гэрлийн хурдаар геометрийн прогрессоор нэмэгдэж байгааг харж болно

Гэтэл Гааль, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд түүгээр явсан гайг үүгээр дуудах мэт тээврийн асуудалд огт хамаагүй байгууллагууд баатар болох гэж зүтгээд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг даалгаврын хугацаа дуусаад 10 гаруй хонолоо.

Уг нь Гааль, Мэргэжлийн хяналтад ямар ч хамаагүй байтал Л.Халтарын өмнөөс Б.Отгонсүх, Л.Эрдэнэчулуун нар л ард түмэнд чичлүүлээд дууслаа. Нөгөөдүүл нь ч тээвэрт хамаагүй гэдгээ мэдэхгүй тээвэр ярьж галыг өөрсөд дээрээ татаж байна.

Үүнээс хойш, түүнээс цааш Дарханы замыг Г.Дамдинням гишүүнд даатгаад, Хотын гаальд Нийслэлийн тээврийг хариуцуулаад, Нийслэлийн мэргэжлийн хяналтад УБТЗ-ыг бөгөөд Зам тээврийн яамыг өгчихвөл таарна. Гар газар, хөл хөсөр хийх ажилгүй болгоод Л.Халтарыг ууланд хадаг зүүж тавьчхаад төсвөөс хий хоосон цалин өгүүлээд суулгаж баймаар юм, яршиг.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болохоос өмнө ХАРИУЦЛАГА гэж хаяа нэг дуугардаг байлаа. Тэр Засгийн газрын ХЭГ-ын даргаас өмнө сул гишүүн байхдаа ХАРИУЦЛАГА гэж өдөр бүр улиг болтол хангинаж, цангинадаг байлаа. Нэг сарын хугацаанд авто бензин, дизель түлшний үнэ 40 хувь нэмэгдэхэд хэн ч хариуцлага хүлээлгүй дэлхийн зах зээл рүү заагаад өнгөрсөн. Хамаг юмны үнэ маргааш нь л өслөө. Өвс иддэг үнээний сүүний үнэ хүртэл нэмэгдлээ гэдэг шиг л.

Гэтэл зөвхөн монголчуудаас шалтгаалсан тээврийн үнэ дээр хэн хариуцлага хүлээх вэ? Нийт өсч байгаа үнийн жигнэсэн дунджаар 70 хувь орчим нь тээврийн зардал болж байгааг эгэл жирийн иргэдээс эхлээд эдийн засгийн шинжээч, судлаачид, хөдөө, гадаагүй арилжаа наймаа хийж явдаг иргэд хил, гааль дээр ачаа бараагаа хүлээж, нүд, сэтгэлээ чилээсэн олон нийт хэлсээр шаардсаар л бүтэн жилийн нүүрийг үзлээ.

Оросууд хаалга, үүдээ хаагаад дээр нь Л.Халтартай ажиллахгүй гэдгээ Элчин сайд Д.Даваад хэлчихлээ.

Хятадууд хэзээ бас юу хэлэхийг мэдэхгүй ч элдэв шалтаг хэлж тойруулсаар ачаа бараа энэ янзаараа, амьдрал улам доройтож байна. Монгол Улсын Засгийн газар хэзээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийнхаа хэргэжилтийг хангаж салбарын сайд нар нь хэзээ хариуцсан ажилдаа эзний ёсоор хариуцлага хүлээж ажиллах вэ? Хэдэн оны хэдэн сар хүртэл харах вэ? Ерөнхий сайдын хариуцлагын хугацаа дуусаад байгаа хэдий ч хариуцлага тооцсон зүйл алга. Хэзээ хэнд хариуцлага тооцох вэ? Хариуцлага тооцох цаг, ээлж хоёр ирдэг юм бол Л.Халтараас эхэлмээр байна Ерөнхий сайдаа!

Эх сурвалж: Erennews.mn