-НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны томилсон хоёрын хоёр дарга АТГ-ынханд авлигатайгаа гардуулсан нь азгүй тохиолдол уу?-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан байна. Түүнийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агенлаг, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамтран бусдаас их хэмжээний хахуулийг төгрөг болон ам.доллароор авсан хэрэгт буруутгаж буй бөгөөд тэд нэг комисст багтаж нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа их хэмжээний хахууль авсан гэж мэдээлж байгаа юм. Монгол Улсын хууль тогтоомжид өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заалтаар бол их хэмжээний гэдэгт 50 сая төгрөгөөс дээш хэмээн заасан ч түүний ажлын өрөөнөөс илрүүлсэн гэх хахуулийн хэмжээ үүнээс өндөр дүнтэй ч байх боломжтой. Хэргийг хуулийн байгууллага шийдвэрлэх нь ойлгомжтой. Үүнтэй холбогдуулан “М.Баянмөнх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгын даалгавраар мөнгө авсан гэх үгийг ам алдсан тухай яригдаж байна” хэмээн нэр бүхий мэдээллийн сайтууд сураг ашиг мэтээр зохион байгуулалттай нийтэлж олон нийтэд гүтгэлэг тарааж байна. Баримтыг нягтлахад АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчдад ажлын өрөөнөөсөө их хэмжээний мөнгөтэй баригдаж саатуулагдсан Мөнх-Үүрд овогтой Баянмөнхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/83 тоот тушаалаараа тус газрын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргын  үүрэгт ажлаас чөлөөлж Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилж байжээ. Үүний дараа мөн л НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/76 тоот тушаалаараа Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Тамгын газрын даргаар томилсон гарын үсэг, тамга нь дурайж байна шүү дээ. Харин авлигын мөнгөтэйгээ албан өрөөндөө баригдахаар яагаад МХЕГ-ын дарга “Гантулгын хүн” болчихов? Мөн тийм мэдүүлэг тайлбар өгснийг нь хэн, юугаар нотлох вэ? АТГ-т саатуулагдаад хоёр хонож буй М.Баянмөнх яг хэзээ “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгын даалгавраар мөнгө авсан” гэж энд бичсэнчлэн “ам алдаж”, ямар учраас мэдээллийн сайтууд түүнийг нь баттай мэтээр мэдээлэх болов гэдэг нь зохион байгуулалттай болохыг харуулж байна. Мөрдөн байцаалтын нууц гэх мэт хууль тогтоомжид заасан зүйл, заалтуудыг үл тоож байгаагаас хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс М.Баянмөнхөөс “зай барьж” түүнтэй холбоогүй ч байсан хамаагүй бусад хүнд “нааж нялзааж” асуудлыг өөрөөсөө холдуулахаар яарч эхэлсэн бололтой. Үүнийгээ   улс төрийн зорилгодоо нийцүүлэх гэсэн нь ч хэрхэн хэвлэл мэдээлэл, сошиалаар тараагдаж байгаагаас тодорхой харагдаж байна.

Үүний өмнө НМХГ-ын  Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ын  хорьж саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ААН-үүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авахуулдаг байсан гэх хэрэгт буруутгагддаг байсныг өдөр тутмын “Өнөөдөр” сонинд мэдээлсэн. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон газрыг га тутмыг нь 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай газарт хамаарах өөр байршилд нэлээд том хэмжээний газрыг өндөр үнээр борлуулсан хэрэгт шалгаж буйг ч мэдээлжээ. Гэтэл Жамбалсамбуугийн Ганзоригийг мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны 2019 оны 07 дугаар сарын 08-ны Б/267 тоот тушаалаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж НМХГ-ын  Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсугай гэж тушаасан байна шүү.

Үүнээс харахад яаран хэн нэгнийг ийм тийм мэдүүлэг өгч ам алджээ гэж сошиал болон мэдээллийн хэрэгслээр “тараахаасаа” өмнө хэн албан тушаалд томилж уг хэрэгт холбогдох боломж нөхцлөөр хангаж байж вэ гэдгийг анзааран нягталж “холбогдуулан” хардах нь зүйтэй болов уу. Эдгээр тушаалаас харахад хэдийгээр тохиолдол байж болох ч АТГ-ын шалгалтаар авлигын мөнгөтэйгээ баригдан шалгуулж буй хоёр ч хэлтсийн даргыг томилсон НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун төрийн хяналт шалгалтын нарийн нягт ажилд хэчнээн сонголт муутай хандсан нь гайхалтай төдийгүй хариуцлага тооцох шаардлагатай юм биш үү гэдэг асуудлыг үүгээр дамжуулан Засгийн газарт болон МАН-ын Удирдах зөвлөлд нь сонордуулж анхааралдаа авахыг уламжлан тавьж байна. Хариуг олон нийтийн хяналт дор эрэн сурвалжилж ил тодоор эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Newspress.mn