Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Тагнуулын ажилтнууд гадаад иргэнийг дээрэмдэв

Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Ингэхэд Монгол Улсын иргэн, Тагнуулын Ерөнхий газарт ажилладаг, 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

Иймд Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болно хэмээн ЦЕГ-аас   мэдээллээ. 

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ. Ингэснээр холбогдох байнгын хороод болон УИХ-ын чуулганаар асуудлыг эцэслэн шийдэх юм.  

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргалаа. Ерөнхий прокурор асуултад хариулсан. Н.Номтойбаяр гишүүн өөрөө асуудлаа тайлбарласан. Бид санал нэгтэйгээр Ерөнхий прокурорын шийдвэрийг дэмжиж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.  Мөрдөн байцаалтын нууцтай холбоотойгоор үүнээс өөр мэдээлэл өгч чадахгүй.

Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой олон асуудал, хэл ам гарч байна. Түүнийг шалгах гэхээр бүрэн эрх нь саад болоод байна гэсэн. Тиймээс бид бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн нь зөв гэж үзсэн. Одоо байнгын хороод хуралдах ёстой. Ерөнхий прокурор түүнийг мөрдөн байцаалтын нууц задруулсан, мөрдөн байцаалтад саад болж байна гэсэн. Дотор нь байгаа бусад асуудлыг бол хэлээгүй. Хариуцаж байгаа Ерөнхий прокурор асуудал оруулж ирсэн учраас бид бүрэн дүүрэн дэмжих ёстой л гэж үзсэн. Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал оруулж ирсэн учраас асуудлаа өөрөө хариуцах байх” хэмээлээ.  

УИХ-ын гишүүд казино тоглоогүй, үзэж сонирхсон гэв

Энэ долоо хоногийн эхэнд УИХ-ын гишүүд казинод орсон гэх асуудал яах аргагүй анхаарлын төвд байв. Тодруулбал УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан  нар Австралид казино тоглосон байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Улмаар гишүүд тус бүрдээ тайлбар хийж, казино тоглоогүй, сонирхоод ороод гарсан хэмээсэн билээ.

Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан. Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг гаргалаа.

Энэ шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс даяар мөрдөхөөр хугацаа заасан байна. Харин хилийн хорио тогтоох эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, эцэслэн шийдвэрлэх аж. 

Бөхчүүд нэгдэж МҮБХ-нд шаардлага хүргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооны асуудлаар бөхчүүд мэдээлэл хийлээ. Тэд Монголын Үндэсний бөхийн холбооны Их эе, Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2003 онд батлагдсан Баяр наадам зохион байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулахыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Нийт 264 бөхийн гарын үсэгтэй мэдэгдлийг МҮБХ-ны тэргүүнд хүргүүлж байгаа юм байна. 

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу