Б.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тэрбум тэрбумаар нь зээл авч, эгэл жирийн иргэдийнхээ бизнес хийж амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг хааж боогдуулсан УИХ-ын гишүүдийн хэрэг одоо болтол бүрэн шийдэгдээгүй байна. Энэхүү дуулиан шуугиантай бүлэг хэргийг 2018 оны намраас Авлигатай тэмцэх газрынхан зогсоо зайгүй шалгаж эхэлсэн тухайгаа сүр дуулиантайгаар мэдэгдэж байлаа. Харин одоо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг тэргүүтэй цөөн хэдэн хүнийг хоргоож байгаа аж.

ЖДҮХС-гийн бага хүүтэй зээлийг зохион байгуулалттайгаар хүч түрж авсан УИХ-ын гишүүдээс хамгийн адармаатай бөгөөд бас өөр олон янзын луйврын “цуглуулгатай” болчихоод байгаа хүн гэвэл дампуурсан Капитал банкнынхаа дансанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэтийн 340 гаруй тэрбум төгрөгийг хав дараад “үхүүлчихсэн” Б.Ундармаа гишүүн юм. Түүний хачирхалтай адал явдлууд хүмүүсийг ихээхэн бухимдуулж байна. Тэрбээр ЖДҮХС-аас “Доктор мейк” компанийнхаа нэр дээр эмийн үйлдвэрлэл явуулах нэрээр 800 сая төгрөгийн зээл авсан байжээ. Иймээс энэхүү зээл болон Капитал банкных нь хэргээр түүнийг  нөхөр Ариунболдынх нь хамт хууль хяналтынхан шалгаж байгаа бөгөөд уг зээлийн асуудалтай нь холбоотой хэд хэдэн ноцтой баримтууд ч шалгалтын явцад илэрчээ. Тухайлбал,  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг анх “Б.Удармаа гишүүн ЖДҮХС-аас зээл авах хүсэлт гарган манай яаманд ирүүлсэн байсан. Би хуулийн дагуу судалж шийдвэрлээрэй гэсэн цохолт хийж С.Төгсбилэгт өгсөн” гэж өчсөн байлаа.

Тэгвэл ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг нь “УИХ-ын гишүүн Б.Ундармаа над руу утсаар ярихдаа “Сайдад чинь хэлчихсэн байгаа. Зээлийн материалыг үзээд дутуу зүйл байвал надад хэлээрэй. Ер нь миний зээлийг чи хугацаанд нь бүтээж өгөөрэй. Сайд чинь бүтнэ гэж надад хэлсэн юм шүү”  хэмээн шууд тушаасан шинжтэй тулгаж байсан” гэсэн утгатай зүйлийг мөрдөн байцаалтын үеэр хэлсэн байв. Гэвч 2018 оны хавар ЖДҮХС-гийн зээлийн эхний шалгаруулалтаар Б.Ундармаагийн  “Доктор мейк” компаниас ирүүлсэн материалууд зээлийн шаардлага хангахгүй байсан тул хасагдсан юмсанж. Үүнийг сонсоод Б.Ундармаа нь ёстой боож үхэхээ шахсан гэдэг. Тэгээд Б.Батзориг, С.Төгсбилэг хоёр руу зогсоо зайгүй утсаар ярьж зээл бүтээж өгөхийг шаардсаар байжээ. Түүнээс гадна  УИХ-ын бусад гишүүдээс ч бас зээл авахаар тэднийг сандаргаж байсан байна. Иймд сайд Б.Батзориг нь 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” гэсэн тушаал гаргаж,  С.Төгсбилэг рүү утсаар ярихдаа “Б.Ундармаа гишүүний төсөл яагаад хасагдчихсан юм бэ. Тэр над руу утсаар яриад их төвөгтэй байна. Чи өөрөө түүнтэй очиж уулзаад, учир байдлыг хэлж, юу хэлэхийг нь сонсоод ир” гэж шавдуулжээ. Ингээд С.Төгсбилэг нь Б.Ундармаатай очиж уулзан зээлийн төсөл нь хууль, журмын шаардлага хангахгүй байсныг хэлтэл цаадах нь “Юу яриад байгаа нөхөр вэ. Миний төсөл маш сайн хийгдсэн. Би авах ёстой юмаа л авах гэж байна. Би сайдтай чинь тохирчихсон байгаа. Дараагийн шалгаруулалтанд дахиж материалаа оруулна. Тэр үеэр чи анхаарч үзээрэй” хэмээн томорсон байна.

УИХ-ын гишүүн, Монголын толгой баячуудын нэг гэгддэг Б.Ундармаа гишүүнд тийнхүү зэмлүүлсэн  С.Төгсбилэг нь сүүлдээ аргаа бараад “Та тэгвэл төслийн зээлийн материалаа буцааж аваад дахин янзлаад өгөөрэй” гээд гарсан байв. Тэгээд 2018 оны долоодугаар сар дөхөөд ирмэгц  өнөөх Б.Ундармаа нь С.Төгсбилэг рүү бараг өдөр болгон шахуу утасдаж, “Төсөл сонгон шалгаруулах ажил чинь юу болж байна вэ. Миний асуудлыг шуурхай шийдэж өгмөөр байна” гэх мэтээр сайдаас нь илүү эрх мэдэлтэн шиг аашлан үүрэгддэг болсон байлаа. Тухайн үед улсын их баяр наадам ч хаяанд тулж, Б.Ундармаагийн тэрхүү “заавал авах ёстой” ЖДҮХС-гийн 800 саяын зээл нь ч түүний дарамт шахалтын хүчээр баараггүй бүтсэн түүхтэй ажээ.

TUUVER.MN

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу