Монголчууд бид “Нэр хугарахаар яс хугар”, “Сайр хүний үр, сүүт гүүний унага” гэхчлэн эцэг өвгөдийнхөө нэр алдар, угсаа гарваль, удам судартаа ихэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тийм ч учраас томоохон эрх ашгийн төлөө хэн нэгнийг дөнгөх гэвэл хамгийн түрүүнд эцэг эх, гэр бүл, удам угсаа руу нь халдаж, гүтгэж, доромжлохыг урьтал болгодог. Ялангуяа сонгууль дөхөхөөр эрлийз, хурлийз гэдэг яриа эрчимтэй газар авч, урд нь “хятадын, хужаагийн” гэдэг үг нэмчихвэл гал дээр тос нэмэхтэй адил улам өөгшүүлдэг. Энэ сонгуулиар энэхүү хар технологийн “ид шид” яаж гарахыг үнэндээ таашгүй. Үнэндээ хүний мах, цус, ясан төрөл, удам судар, угсаа гарваль гэдэг маргашгүй үнэн бодит зүйлийг хэн ч дур зоргоороо өөрчлөх, хэн ч өөрийнхөө хүссэнээр зохиох боломж үгүй билээ.      

              Хотын Захирагч С.Амарсайхан энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газарт гаргасан гомдлын хариуг нь ирүүлсэн талаар өөрийн сошиал хуудаст бичжээ.  Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг хүлээж авснаас хойш нэр бүхий хүмүүс цөөнгүй удаа “Хятадын эрлийз”, “Хүүр ухдаг хужаагийн хүүхэд” гэх зэргээр гүтгэн доромжилж байсан аж. Тиймээс Хотын Захирагч С.Амарсайхан эцэг өвгөд, удам судрыг нь зохион байгуулалттайгаар доромжилж байсан асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар албан ёсоор хандсан бөгөөд хариу албан тоотод Увс аймгийн Бөхмөрөн сумын 1944 оны хүн амын тооллогын баримт нь Тагнуулын Ерѳнхий газрын тусгай архивын баримттай таарч байгааг онцолжээ. Тодруулбал, түүний эцэг Ишбалын Сайнбуян нь 1924 онд, ээж Зулын Цэвээн нь 1932 онд одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт төрсөн, дѳрвѳд угсааны малчин хүмүүс байсан гэдгийг улсын архивт байгаа баримтаар бататгаж өгсөн байна.

 Төрт улсын иргэний баримт цагаан дээр хараар бичигдээд үлдсэн байгаа тул хотын Захирагчийн эцэг, эх, удам судрыг зориуд элдвээр гутаан доромжилж, үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан нэр бүхий хүмүүс болон захиалагчдыг цагдаагийн байгууллагад өгч, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэдгээ тэрбээр илэрхийлжээ. Энэхүү хариу албан тоот бичгийн  гол учиг нь хотын Захирагч гэдэг албан тушаал, эрх дархдаа байгаа юм биш. Хэнийг ч, ямар ч шалтгаанаар байсан гүтгэж, гутаан доромжлох эрх байхгүй. Тэр тусмаа эцгийнхээ ясыг өндөлзүүлж, удам судраараа доромжлуулсан жирийн нэг иргэн хүн төрт улсынхаа хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг тогтоолгохоор зорьсон хэрэг. Хувь хүнийх нь үзэл бодолтой зөрөлдөж болно, улстөрийн албан тушаалын зорилгоор, хувийн ашиг сонирхлоор эрхэлж буй ажилд нь шүүмжлэлтэй хандаж болно, гагц бусдын гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, удам судрыг ор үндэслэлгүй гүтгэж, гутаан доромжилж болохгүй гэдгийг хүний номд ч, номын номд ч заадаггүй бил үү. Хүнийг арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гээд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч, Монгол Улсын Үндсэн хуульд ч маш тодорхой заасан байдаг тул ийм тохиолдолд гарцаагүй хуулийн хариуцлага хүлээх учиртай.

Хотын Захирагч ч үүнийг ойлгуулах үүднээс олон түмэнд эл баримтыг дэлгэж буйгаа хэлсэн байна билээ. Ер нь одооноос энэ мэт сонгуулийн хар технологио жаахан бодолцохгүй бол өөрсдөө гэмт хэрэгтэн болж мэдэх вий.

Харин азаар одоо шинэ залуу үеийнхний сонгогчийн боловсрол харьцангуй өөрчлөгдөж эхэлсэн тул эрлийз, хурлийз гэх хар технологи цаашид амжилт олохгүй болох талтайг бас бодолцоход гэмгүй санагдана.

Шуурхай.мн

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу