УИХ-ын чуулганы хуралдаанаар Ноён уул, Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжиж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхээр боллоо. Олон жилийн турш Сэлэнгэ, Хэнтий аймгийнхны толгойны өвчин болж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын өмнө хүчин мөхөсдөж байсан төрийн төмөр нүүрийг үзүүлэх эхлэлийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын үед ийнхүү тавьж байна. Ноён уул, Гутайн даваа орчмыг улсын тусгай хамгаалалтад авч чадвал тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн команиудын тусгай зөвшөөрөл шууд цуцлагдаж, нөхөн сэргээлт хийлгэн улсын хамгаалалтад авах боломж бүрдэх юм.

БОАЖЯ-наас Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж,  9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан 22 газрыг улсын тусгай хамгаалалтад 2019 онд авсан. Улс орны хэмжээнд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа хариуцлагагүй уул уурхайн асуудлыг цэгцэлж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг гардан гүйцэтгэж байгаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат БРАВО.

Түүний ачаар Архангай аймгийн Цэнхэр суманд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан уурхайнуудыг хааснаар өнөөдөр Орхон гол тунгалаг урсаж эхэллээ. Өмнөговь аймгийн Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авснаар заналхийлж байсан уул уурхайн компаниуд савраа татсан. Отгонтэнгэр хайрханы өврийг сэндийлэх гэж байсан уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймагт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн нь БОАЖ-ын сайдаар ажиллаад гаргасан томоохон гавьяануудынх нь нэг яах аргагүй мөн юм. Гэхдээ тэрбээр “Байгалийн хууль зөрчөөгүй, технологийн дэвшлийг ашиглан байгаль ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг дэмжинэ” гэдгээ хэдийнэ илэрхийлээд байгаа. Түүний багийнханд баяр хүргэе.

ШУУРХАЙ.МН

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу