ХХААХҮЯ-наас энэ оны ургацын урьдчилсан төлөв байдлыг өчигдөр танилцуулсан юм. Тодруулбал, манай улс хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхийн тулд 306.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай аж. Тэгвэл урьдчилсан балансаар улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ.

Ургац хураах талбайн нийт 60-70 хувь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байгаа аж. Өмнөх саруудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учирч болзошгүй байгаа хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлсэн юм. Энэ үеэр аймаг, орон нутгийн ургац, үр тариалтын нөхцөл байдлыг танилцууллаа. Тодруулбал, Сэлэнгэ аймаг 161 мянган га-д үр тариа тариалаад 153.7 мянган тонн улаанбуудай хураан авахаар байгаа аж. Өнөөдрийн байдлаар 4,500 га талбай болц гүйцээгүйгээс тэжээлд шилжиж, мөн 4,500 га талбай мөндөрт цохиулсан байна. Төв аймгийн тухайд 122 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд 80 мянган тонн улаанбуудай хураах ёстой гэнэ. Төмс 11 га-д тарьсан ба 160 орчим мянган тонныг хураах бол тэжээлийн таримал 25 мянгад тариалж, 51 орчим мянган тонныг хураах төлөвтэй аж. Булган аймагт нийт 119,088 га эргэлтийн талбайтайгаас одоогийн байдлаар 97,254 га-г эзэмшээд явж байна. Жилд 101 ААН, 80 иргэн үр тариа тариалдаг. 511 өрх төмс, хүнсний ногоо тариалж байна. Энэ оны урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байгаа. Сэлэнгэ, Төв, Дархан, Увс, Ховд, Дорнод, Хэнтий аймгийн ургац бүхэлдээ хэвийн, жигд сайн байгаа. Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ургац нарны хэт халалт гангийн улмаас бага зэрэг буурахаар байна гэж албаныхан мэдээлэв.

ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга В.Үнэнбаттай ярилцлаа.


-Өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Үр тариа болон бусад тэжээлийг нөөцөлж, гурилын хэрэгцээнд 318 мянган тонн улаанбуудай нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.Тодруулбал, дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангахаар ажиллаж буй гэсэн үг. Ургац хураалт есдүгээр сарын дунд үеэс эхлэн 20-25 хоног үргэлжилнэ хэмээн тооцож байна.

-Гурилын үйлдвэрүүд үр тариагаа хэрхэн яаж авах вэ. Энэ жил ахиу хэмжээгээр авах боломж байгаа юу?

-Гурилын үйлдвэрлэлд 318 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэхээр байна. Хөдөө аж ахуйн дэмжих санд авах улаанбуудайн үнэ хараахан гараагүй. Гурилын үйлдвэрүүд улаанбуудайгаа өөрсдөө зах зээлийн үнээр авах байх. Тодруулбал, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой 398 мянган тонн буудайн хэмжээг 20% буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцоход 314.4 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ нь жилийн 230 мянган тонн гурилын хэрэгцээтэй манай улсын хувьд 100% дотоодын хэрэгцээгээ хангах дүн юм. Төмсний ногоогоор ч мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байгаа.

-Тэгвэл хүнсний ногоо, улаанбуудайг агуулах зоорь савны чанарыг хэрхэн хангах вэ?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд нийтдээ 142,0 мянган тонн, улсын хэмжээнд 500,0 гаруй мянган тонн хадгалах багтаамжтай улаанбуудайн агуулах болон зоорь савнуудад бэлтгэл, ариутгал хийж байна.

-Ургац хураалтыг эрчимжүүлэхийн тулд хүн хүчний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байх. Тэгвэл үүнд оюутан сурагчдыг хэрхэн хамруулах вэ?

-Тариаланчид маань аймгуудынхаа Хөдөө аж ахуйн газраар дамжуулан сургуулиудтай холбогдож, оюутан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, Их дээд сургуулиуд руу хүсэлт бичиг явуулна гэсэн үг. Ингэснээр Хууль зүйн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль болон бусад техник коллежүүдээс ажиллах хүч авч болно. Бүх их сургууль, яамдад хүсэлт гаргасны дагуу Хөдөө Аж Ахуйн их сургуулийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 болон бусад сургуулиас оюутан ажиллуулахаар болсон. Мөн ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, гурван төмсний комбайныг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд эрт хүйтрэх төлөвтэй байгаа шүү дээ. Энэ нөхцөлд салбарын яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

-Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр есдүгээр сарын 20 хүртэл цаг агаар тогтуун байх бол сарын сүүлээр цочир хүйтэрч магадгүй хэмээсэн. Тэрнээс өмнө ажиллах хүч, техникийн бэлэн байдлыг хангана. Энэ намар цаг агаар долоогоос арав хоног налайчихвал ургац, хадланг хурааж авахад бэлэн гэж үзэж болно. Хэрэв цаг уурын таамаглаагүй хүчин зүйл, тулгарвал тухайн үед нь шийдвэр гаргаж, арга хэмжээ авч ажиллана. Аль болох есдүгээр сарын дунд үед хурааж авах хэрэгтэй байгаа юм. Ямар ч байсан хүйтрэлтээс өмнө л ажиллах хүч, техникээ бэлдэж хурааж авах бэлтгэлээ хангана.

-Хүнс ногооны тал дээр тээврийн асуудал яригдаад байгаа?

-Сэлэнгэ, Булган, Төв аймагт зам засварын ажил байгаа. Агуулах савны хувьд нийт хөдөө аж ахуйг дэмжих санд 142 мянган тонныг хадгалах улаанбуудайн агуулах байна. Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган тонныг хадгалах улаанбуудайн агуулах бий. Зоорь савны асуудал бол бэлтгэл ариутгалаа хийгээд одоо ногоогоо бэлдэн ажиллаж байна.

-Тариаланчдад олгох хөнгөлөлттэй зээл байгаа юу?

-Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил бий. Энэхүү зээлийг Хөгжлийн банк болон Арилжааны банкуудтай гэрээ байгуулж хийнэ. Гэрээ байгуулсны дараа арилжааны банкуудад хүсэлтээ өгч, улмаар судалгаа хийлгэсэн аж ахуйн нэгжүүд зээлээ авах боломжтой.

-ХАА-н ургац хураалтад ямар нэгэн дэмжлэг байгаа юу?

-Энэ жил хөдөө аж ахуйн ургац хураалтад түлшний дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт бий.

-Энэ жилийн тухайд төмс, гурилыг манайх дотооддоо 100 хувь хангаж байгаа гэсэн. Гэвч урд хөршөөс оруулж ирсэн асуудал гарсан. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

-Нэн түрүүнд зоорь сав, хоёрдугаарт хүнсний ногоог ногоочдод шууд борлуулах арга хэмжээг авч байна. Тодруулбал, вокзалын дэргэдэх мянган машины авто зогсоол дээр ногоочид маань бөөний худалдаа буюу тэндээс бөөний болон жижиглэнгийн худалдаа хийх боломжийг нээн ажиллаж байна. Улаанбаатар хотод хүнсний ногоог зарж борлуулах 45 байршил бий. Зөвшөөрөгдсөн талбай дээр борлуулбал ямар нэгэн асуудал үүсэхгүй. Одоогийн байдлаар энэ байршлыг нэмж гаргах ажлыг хотын захирагчийн албатай ярилцаж байна.

-Одоогийн байдлаар хэдэн га газарт ургац тариалсан бэ?

-Хүнсний ногоо 9.6 мянган га-д тариалж байна. Ингэснээр нийт 32 мянган тонныг хурааж авахаар байгаа. Тосны ургамал 61 га-д тариалснаас 32.8 мянган тонныг хурааж авахаар байна. Тэжээл 52.7 мянган тонн тариалснаас 109.4 мянган тонн хураан авахаар байгаа нь энэ жилийн ургацын урьдчилсан баланс юм. Ерөнхийдөө 60-70 хувь нь аарцан болцтой явж байна. Одоо 7-10 хоног налайчихвал ургацаа сайхан хурааж авахад ажиллах хүчээ бэлдээд, техникийн бэлэн байдлаа хангаад явна.

ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга З.МэндсАйХАн:

-Ургац хураалтад хүн хүч дутагдалтай байгаа учраас дотоод хүнсээ хангах, тариалалтаа нэмэгдүүлэх нь чухал. Энэ хүрээнд ургац давуу биелэх боломжтой харагдаад байгаа юм. Тэгэхээр МСҮТ-ийн сурагчдыг насанд хүрээгүй, оролцуулахгүй гэсэн асуудал байхгүй. Дээд курсийн хүүхдүүдийн 50 хувь нь насанд хүрсэн мэдээлэл бий. Тиймээс эдгээр хүүхдийг зохион байгуулаад оролцуулахад санаачилга гаргавал болно. МСҮТ-ийн нийт 40 мянган оюутан бүгд насанд хүрээгүй гэж хувьдаа бодохгүй байна. Тэгэхээр энэ 50 хувийг ургацын ажилд оролцуулахад БШУ-ны яамыг санаачилгатай ажилла гэж хэлэх байна.

-Мэдээж тээврийн асуудал хүндрэлтэй тусаж байгаа. Ялангуяа тариалангийн бүс нутагт зам харгуй эвдэрсэн байна. Тиймээс үүнийг засаж сайжруулъя гэсэн хүсэлтүүд ирсэн. Бид энэ чиглэлээр Зам тээврийн яамтай ярьж байгаа. Тэгэхээр тээвэрлэлт явагдахаас өмнө энэ асуудлыг шийдье.

-Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр олгосон зээлийн хүрээнд буцааж авах зээлийн төлөлтөд орох буудайн үнийг өртөг зардалд нь суурилж тогтооно. Бид зах зээлийн буюу гурилын үйлдвэрүүдийн худалдан авах буудайн үнэд оролцохгүй гэсэн бодлоготой байгаа.

-Жимс ногоо тариалагчдад урамшууллын системд хэн хэзээ, юу авах уу гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн систем байхгүй учраас хаана, юу үйлдвэрлэж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Тэгэхээр ирэх онд яамнаас бүртгэлийн ажлыг тодорхой болгоё гэж ярьж байгаа. Ерөөс урамшуулал очих хүндээ очих ёстой.

-Ерөнхийдөө баруун зүүн бүсэд гурилын үйлдвэрүүд бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт батлагдсан хүрээнд Увс болон Хэнтий аймагт 10 мянган тонны багтаамжтай буудай хадгалах сав барина. Үүний санхүүжилтийг холбогдох олон улсын байгууллагын зээл тусламжийн хүрээнд шийдэхээр ярилцаад явж буй.

-Үрийн дутагдал буюу үр нөөцлөлийн асуудлыг жил бүр ярьдаг. Хүнсний аюулгүй байдлыг ярьж байгаа бол үр үйлдвэрлэлийн талд илүү анхааръя. Энэ оны төсвөөс эхлээд эхний ээлжинд үр тарианд урамшууллын асуудлыг боловсронгуй болгоё. Энэ дэмжлэггүйгээр цааш явахгүй. Үйлдвэрлэхгүйгээр, үрийн нөөцөө бий болгож чадахгүй бол тариалалтын асуудал яриад байна гэдэг бүрхэг.

-Бид буудайн урамшуулалд, ирэх оны төсөв 22 тэрбум төгрөгийн төслийг санд өгөөд явж байна.

-Тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийг засгийн газар шийдвэр гаргаад Хөгжлийн банкинд энэ эх үүсвэрийг шийдсэн байгаа. Энэ дээр тариаланч ногоочид маань үүнд орох бололцоотой ч нэг хүндрэл нь зээл өгөх гэхээр арилжааны банкны шаардлага хангахгүй, шалгаруулдаг асуудал бий. Тэгэхээр арилжааны банкууд руу хөгжлийн банкнаас энэ мөнгө хуваарилагдаад очсон байгаа.

-Ногоочдыг дэмжих зорилгоор 1000 машины зогсоолыг чөлөөлөөд бөөний худалдаа эхлүүлье гэсэн асуудлыг Нийслэлтэй яриад өнөөдөр (өчигдөр) холбогдох гэрээ хэлцэл нь хийгдээд явж буй.

-Ер нь төмс илүүдэл үйлдвэрлэлтэй байгаа. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, Сэлэнгэ болон Төв аймгийн оройн бүсэд цардуулын үйлдвэрийг явуулъя гэж буй.

БШУ-ны дэд сайд, Улсын ургацын комиссы гишүүн Г.Ганбаяр: “Энэ жилийн тухайд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг энэ удаагийн ургац хураалтад оролцуулах бололцоогүй гэдгийг албан ёсоор хэлж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хавар цар тахалтай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр улирал теле хичээлээр явсан. Одоо сумдуудын сургууль таван өдрөөр хичээллэж байгаа. Энэ хаврын теле хичээлээр олж авч чадаагүй тэнхимийн сургалтаа бататгах, хоцрогдлыг арилгах энэ хичээлүүд есдүгээр сард бүтэн орох учраас энэ жилийн Ерөнхий боловсролын сургуулийн, ялангуяа газар тариалангийн бүс нутгийн Төв, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг аймгийн хүүхдүүдийг ургац хураалтад оролцуулах бололцоогүй. Харин хөдөө орон нутгийн ихэнх оюутан гэртээ байгаа учраас тэднийг өргөн дэлгэр оролцуулах боломж байгаа гэж харагдаж байна” хэмээлээ.

Төв аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Жамбалдорж“Хүн хөдөлмөрийн хүмүүжилтэй болсон тэр цагт л хөдөлмөрлөж олсон зүйлийнхээ үр шимийг мэдэрдэг. Тэгэхээр хүүхдүүдийг танхимын хүмүүжилтэй, онолын өндөр мэдлэгтэй хүн болгохоос гадна давхар хөдөлмөрийн хүмүүжилтэй болгох ёстой. Өөрт нь таарсан ажлыг тодорхой хэмжээнд баг хамт олон, найз нөхөдтэйгөө ажиллаж хөдөлмөрлөхөд сургах нь чухал зүйл. Боловролын сайд бол хүүхдэд боловсрол олгоно, танхимын хичээлд нь суулгана таслуулж болохгүй гэж ярихаасаа өмнө энэ хүнийг яаж хөдөлмөрч хүн болгох вэ гэдэг талаас нь бодох ёстой. Ер нь улс 18 мянган га төмс тарьсан, 11 мянган га-г нь Төв аймагт тарьсан байдаг. Энэ нь маш олон хүний хүч хөдөлмөр юм” гэж ярилаа.

П.САЙНЖАРГАЛ

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу