Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.

Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн А/556 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн есөн дүүрэг, Улаанбаатар хотын ЗАА түүний харьяа газрууд, ХБХГазар, ГЗБайгуулалтын алба, ХСОАБХЗГазраас нийт 54 албан хаагч, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар 15 хоногийн хугацаанд нөхцөл байдлыг газар дээр нь явж судаллаа. Мөн Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийн зорчих хэсэгт саад болж буй зүйлсийн судалгаа ирүүлж, мэдээллээр хангасан. Судалгааг орчны тохижилт, инженерийн барилга, байгууламж, байгаль хамгааллын гурван чиглэл, 21 үзүүлэлтээр тус тус нэгтгэж гаргасан. Орчны тохижилт, инженерийн барилга, байгууламжтай холбоотой иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд эрсдэл учруулах, таагүй нөхцөл байдал бий болгож буй 5423 зөрчлийг бүртгэж, фото зургаар баримтжуулж, газрын зураг дээр тэмдэглэсэн. Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүс, усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд Усны тухай хууль, Усны эрүүл ахуйн бүсийн дэглэм, хориглолт хязгаарлалтын бүсийн журам зөрчиж, Ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд 3782, хязгаарлалтын бүсэд 7169, Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд 22791, нийт 33742 иргэн, аж ахуйн нэгж байгууллага орсон байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолттой холбоотойгоор 44 ашиглалтын талбайд үзлэг, судалгаа хийж, нийт 125 зөрчил бүртгэсэн” хэмээлээ.

Мөн энэ судалгааны дүнд үндэслэн нийслэлийн Засаг даргын албан даалгавар гаргуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй объектуудыг чөлөөлөх болон зөрчлүүдийг арилгах, Нийслэл хотын өмнө тулгамдсан асуудал болсон ундны усны найдвартай эх үүсвэрийг хамгаалахтай холбогдсон үе шаттай ажил зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэлийн холбогдох нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт өгөх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг Б.Отгонсүх дарга хуралдаанаар онцолж хэлсэн юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, албан даалгаврын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, албан даалгаврыг батлав.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу